Амралтын өдрүүдээр Ювал Хараригийн “Nexus” шинэ номынхоо тухай технологийн нэрт сэтгүүлч Кара Свишертэй ярилцсаныг шимтэн сонслоо. Хараригийн өмнөх номуудыг уншиж байгаагүй ч хиймэл оюун ухаан ба мэдээллийн технологийн ирээдүйн тухай энэ эргэцүүлэл, зовнил нь маш сонирхолтой юм.
Эндээс шүүрсэн ганц нэг санаагаа өөрийн бодлоор хуваалцвал:

1. Хуурамч мэдээллийн давлагаа үргэлж байсаар ирсэн. Түүнээс гагц институцичлэл л сэргийлнэ.
Бид мэдээлэл, технологийн хамгийн өндөр хөгжсөн, ухамсарт эринд амьдарч буй боловч яг энэ хэрээр бид шийдвэр гаргах мэдээллээ олж авахад хамгийн хэцүү, мэдээллийн хөлгүй далай дунд амьдарч байна. Мэдээлэл нийгмийн харилцааг чиглүүлж, зохицуулж, эмх журмыг хангахад гол үр нөлөөтэй ч үнэн, бодит мэдээлэл олж авахад хэтэрхий бэрх болжээ.
Мэдээллийн хөлгүй урсгал дунд үнэн үргэлж үл үзэгдэх ёроолд нь живж, түүнийг гаргаж ирэх нь маш их үнэ цэн шаарддаг. Хуурамч мэдээлэл гэдэг бол хийсвэрлэл, түүнийг зохиоход өөрийн хүссэнээр, өөрт таатай, нийцтэйгээр бүтээж болдог. Харин үнэнийг өгүүлэхэд бодитой үндэслэл, баримт нотолгоо, тэдгээрийг нягтлах, дүн шинжилгээ хийх гэхчлэн цаг хугацаа, хөрөнгө санхүү, хүчин чармайлт гээд маш их нөөц шаарддаг тул үнэнийг эрэх нь үнэтэй, үнэ цэнтэй байдаг.
Гэхдээ энэ бүхэн тийм ч шинэ юм биш. Тэртээ 14, 15-р зууны үед ч Европ даяар шулмын тухай үлгэр домог “биеллээ олж”, энэхүү хуурамч мухар сүсгийн уршгаар хэдэн арван мянган гэмгүй хүний амийг хороосон түүхтэй. Гурван зууныг дамнасан энэ мухар сүсгийн давлагаа шинжлэх ухааны институцийн хөгжил, үнэнийг нотолж, нийтэд таниулан түгээх үйл ажиллагаа, улмаар тэдгээрт итгэх нийгмийн итгэлцэл бий болсноор төгсгөл болжээ.
Тиймээс “Nexus” номд дэвшүүлсэн гол санаа нь технологитой холбоотой хууль, тогтоомж хэдэн зууг баталлаа ч түүнтэй үргэлж уялдаатай байнгын ажиллагаатай институцийн хөгжил, хэтэрхий хурдтай энэ хөгжлийг, юу болоод байгааг ядаж анзаарч, ойлгож, тайлбарлаж байх тогтолцоо чухал гэжээ.
2. Ямар мэдээлэл нийгэмд түгэн дэлгэрэх эсэхийг алгоритм шийдэж байна. Бидэнд платформын үйл ажиллагааг хянах зохицуулалт шаардлагатай
Дээр дурдсан шулмын тухай мухар сүсэг, домог яриа хэзээнээс л байжээ. Гэхдээ хүний аминд хүртлээ эрчийг авсан нь Гутенбергийн хэвлэх машин зохион бүтээсэн 1400-гаад оноос эхлэлтэй гэдэг. Домог яриаг “Шулмыг өөрөө таних хялбар арга” хэмээх “гарын авлага” болгон хэвлэж тив дэлхий даяар шулмыг устгах аргыг түгээсэн нь одоогийн Австрийн Хайнрик Крамер гэх солиот байв. Нэг л солиотын жижигхэн “бүтээл” тухайн үеийн хүн төрөлхтний цоо шинэ ололт буюу хэвлэх технологийн нөлөөгөөр үй олныг хамрав. Дээр дурдсанчлан институцийн хөгжлийн нөлөөгөөр буюу хэвлэлийн газрууд ямар ном, бүтээл хэвлэхдээ шаардлага тавих болж, үнэн мөнийг нягтлан шалгах шинжлэх ухааны нөлөөгөөр энэ галзуурал зогсжээ.
Өнөөдөр яг энэ жишгээр хүн төрөлхтний гайхамшигт ололт нь хиймэл оюун ухаан болж, сошиал платформд ямар пост, мэдээлэл илүү түгж, хандалт авахыг гэвч институц биш хиймэл оюунд суурилсан алгоритм шийдэж байна. Гутенбергийн технологийн эхэн үеийн адил мэдээлэл үнэн бодит эсэхээс үл хамаарч олныг хуйлруулах чанарт л үндэслэж энэ бүхэн шийдэгдэж буй. Учир нь алгоритмын зорилго нь үнэнийг түгээх биш, харин сошиал медиа компаниудын бизнес загварчлалын дагуу “user engagement” буюу хандалтыг л нэмэгдүүлэх. Тийм учраас бид алгоритмын ил тод байдлыг шаардах, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэхэд алгоритмыг ямар хэр хэмжээнд “ажиллуулах”, “оролцуулах” вэ гэдэгт зохицуулалт нэхэх хэрэгтэй болж байна.
3. Хиймэл оюун ухаан хэрэгсэл биш шийдвэр гаргагч болсон
Өмнөх технологиуд буюу мэдээлэл түгээх аливаа платформууд болох хэвлэх машин, радио, интернэт гээд бүгд л хүн удирдлагыг гартаа авсан шийдвэрээ хэрэгжүүлэхэд хялбар дөхөм хэрэгслүүд байв. Харин энэ удаагийн ололт буюу хиймэл оюун нь хэрэгслээс ч илүү болж шийдвэр гаргаж байна. Цөмийн бөмбөг хаана, хэзээ хаяхыг хүн шийдэж, хор хохирлыг ч тооцож болдог байсан бол өнөөдөр дэлхий даяарх дайн, мөргөлдөөнд байг тодорхойлж, хэрхэн устгахыг хиймэл оюун шийдэж байна.
Бид бүх мэдээллээ хиймэл оюунд оруулж, тэр бидэнд шинэ санаа, заавар зөвлөгөөг хариу гаргаж өгч байна. World wide web буюу интернэтийн нөлөөгөөр бид дэлхий даяар хоорондоо холбогдож, мэдээллийн даяар урсгал хүн төрөлхтнийг газар зүй, цаг хугацаанаас үл хамаарах “хамтын тосгон” болгоно гэж байсан ч өнөөдөр бид өөр, өөрийн мэдээллийн орчиндоо “түгжигдсэн”, харилцан хамаарлаасаа улам ангижирсан өөрийн хүрээлэл-бөмбөлөг доторх мэдээллээ л үзэж, хардаг, тэр нь хиймэл оюун ухаанаар зохицуулагддаг, үнэндээ мэдээллийн орчныхоо “боол” мэт болжээ.
Гэхдээ дээр дурдсан бүхэн технологи, хиймэл оюун ухаан хамгийн бохир, муу гэсэн үг биш гагц бидэнд үүнээс илүү ухамсарт институтийн тогтолцоо шаардлагатай, нөгөөтээгүүр юу юугүй няцааж, урж тастах шүднээс илүүтэй, юу болоод байгааг анхаарч, ажиглах нүд буюу ямар хариу арга хэмжээ авахаа шийдвэрлэх ухамсрын цаг хугацаа хэрэгтэй гэсэн байна.
Бичлэгийг эндээс үзээрэй.