Сая Инстаграм гүйлгэж байтал Newseum-н хуудсанд Цааган Ордон, Конгрессыг сурвалжилж байсан анхны африк-америк гаралтай сурвалжлагч Алис Данниганы хөшөөг буулгаж байгаа тухай зураг, тайлбар оруулжээ.

(Есдүгээр сараас хойш түр хугацаанд нийтэд үзүүлсэн энэ хөшөөг одоо Кентакийн их сургуульд байрлуулах юм байна.)

Арваннэгдүгээр сард энэ музейд очиж, басхүү энэ хөшөөг тогтож харж, уншиж байсан минь санаанд ороод Newseum-ээр хийсэн жижигхэн аяллын тухайгаа энд тэмдэглэе гэж бодов.

Вашингтон Д.С-д Пеннсильван өргөн чөлөөнд Newseum байрладаг. Энэ өргөн чөлөө бол Цагаан Ордон ба Капитоллыг (Конгресс хуралддаг ордон) холбодог бөгөөд магадгүй хамгийн “хувьсгалч” гудам байж мэднэ. Учир нь, аливаа асуудлаар жагсч, тэмцэж буй олон нийт үүгээр өртөөлөн шийдвэр гаргагчид руу чиглэн алхдаг билээ. Намайг очсон өдөр ч бас хүмүүс жагсч л харагдсан.

Дээвэр дээрх тагтнаас нь Capitol Building ингэж харагдана.

Newseum-ийн үүдэнд Today’s Front Pages гэсэн хэсэг угтах бөгөөд энд бүхий л алдартай хэвлэлүүдийн тухайн өдрийн нэгдүгээр нүүрийг танилцуулсан байдаг. Нэг ёсондоо дэлхий дахин ямар асуудалд хамгийн их ач холбогдол өгч байна, тэд юун тухай хэлэлцэж байна, та юу мэдэх ёстой вэ гэдгээ эндээс харж болно.

Музейд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн түүхийг өгүүлсэн дэд хэсгүүд бий. Телевиз, сонин, радио гээд л… Нээрэн энэ бүхнийг үзэхдээ төлөх тасалбарын үнэ харин овоо өндөр буюу $27 орчим бараг $30 ч байлуу. Энд тэнд явахад музей, галлерей ихэвчлэн үнэгүй, эсвэл мультимедиа галлерей, үзвэр ихдээ $20 байсныг бодохоор Newseum-ийн үнийг хараад цочсон шүү. Тэгээд нэгэнт зориод оччихсон, бас нэг хэвлэл, мэдээллийн хүн юм болохоор цочроогоо дараад л картаа өгсөн дөө, хэхэ.

Музейд аялах тодорхой чиг гаргасан байсан ч, би өөрт эвтэйхнээр л нэг захаа бариад явчихсан. Эхлээд First Dogs гэсэн энэ хэсэг анхаарал татав. “Хэрэв Вашингтонд найзтай болохыг хүсвэл нохойтой бол” гэсэн хуучны үг байдаг аж. Нийтдээ 50 гаруй нохой Цагаан Ордонд үе үеийн Ерөнхийлөгчийн гэр бүлтэй хамт амьдарч байжээ. Сэтгүүлчид ч энэ тухай сурвалжилж, нохой нь хэвлэлийн сэдэв, “од” болдог тохиолдлууд бий. Тийм болоод ч юм уу, сүүлийн үед 2020 онд нэр дэвшихээ мэдэгдээд байгаа Элизабет Уоррэн сурталчилгааны аялалдаа Бэйли нохойгоо авч явж, түүнийхээ тухай Твиттер, Инстаграмдаа оруулсаар одоо уулзалтынх нь төгсөлд өөрөөс нь гадна нохойтой нь зургаа авахуулах гэсэн хүмүүсийн дараалал үүсдэг болсон байналээ.

Дараачийн хэсэг нь хэвлэлийн эрх чөлөөний тухай. Том хананд дэлхийн газрын зурагт улсуудын эрх чөлөөний байдлыг өнгөөр ялган харуулжээ. Азидаа “баянбүрд” мэт харагдавч ямар ч гэсэн бүрэн эрх чөлөөтэй бол биш. Энэ тухай дэлгэрүүлбэл дахиад нэгэн бичвэр болох биз гээд орхилоо.

Харин онцгойлон тэмдэглэхийг хүссэн нэг зүйл нь эрх чөлөөний тухай яриа Америкт их өрнөсөн ч эрх-үүрэг гэсэн холбоо ямагт хамт явахыг анзаарлаа. Хөргөгчний наалтыг хүртэл “Үг хэлэх эрх чөлөө гэдэг тэнэглэлийн нэр биш” гэсэн бичигтэй байгаа биз? Зөвхөн Newseum-д төдийгүй гурван долоо хоног #LeadMongolia хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан хичээл бүрт багш нар эрх, үүргийн харилцан хамаарлыг ярьж байв.

Эндээс цааш Journalists Memorial хэсэг бий. Жил бүр ажил, үүргээ гүйцэтгэж яваад дайны талбарт, эсвэл захиалгат хэргийн золиос болж гэхчлэн мэдээлэл олж явах явцдаа амиа алдсан сэтгүүлчдийн нэрийг тэмдэглэсээр том хана дүүрчээ. Харахад ердөө л өрж бичсэн нэрс мэт боловч яг өмнө нь зогсоод, хажууд нь байгаа түүхүүдийг уншихад аймшигтай, бас эмзэглэмээр юм билээ. “Өдөрт олон арван хүн амиа алддагийн адил сэтгүүлч үхэхэд онцгойлж, дэвэргэхээ болих хэрэгтэй” гэж саяхны нэг хуралд хамт панельд суусан Афган сэтгүүлч хэлж байв. Харин Newseum-д бол хүн төрөлхтөний суурь эрхийн нэг үг хэлэх эрхийн төлөө түмэн олонд үнэнийг мэдүүлэхийн төлөө ажил, үүргээ гүйцэтгэж яваад амиа алдана гэдэг хүний тухай төдийгүй үзэл санааны асуудал гэж тэмдэглэжээ. Баатарлаг гэмээр цогтой бичиж, нийтэлж, нэвтрүүлж асан сэтгүүлчдийн түүхийг тэнд уншвал үнэхээр тийм санагдана.

Энэ бол дээр дурьдсан мэдээллийн хэрэгслүүдийн тусгайлсан хэсэг бөгөөд энд телевизийн түүхийг цаг хугацааны дарааллаар харуулсан байгаа. Америкт 1948 оноос NBC, CBS, ABC, DuMont зэрэг дөрвөн суваг долоо хоногийн өдөр бүр 8–11 цагт мэдээлэл хүргэх болж өдгөө энэ хугацааг prime-time буюу оргил цаг гэдэг болсныг та мэдэх биз ээ. Тэгвэл 1952 оноос CBS телевиз Уолтер Кронкит гэж анхны анкорыг танилцуулж байжээ. Сурвалжлагч байсан тэрбээр ийнхүү цэнхэр дэлгэцээр студид суугаад үйл явдлыг тайлбарлаж, үзэгч олонд хүргэх болсон байна. Улстөрийн сонгуулиуд, Кеннедин аллага, Мартин Лутер Кингийн тэмцэл, Beatles-ийн тухай гээд тухайн үеийн бүх л “халуун” сэдвийг тэр сурвалжлан, ярьж байжээ.

Харин телевизийн мэдээгээр эмэгтэй хүний хоолой анхлан нэвтэрсэн нь Поулин Фредерик байжээ. 1930-аад оны үед улстөр дэх эрчүүд эмэгтэй сэтгүүлчид яриа өгөх нь ховор тул тэрбээр тэрхүү нөлөөтэй эрсийн эхнэрүүдтэй ярилцлага хийж эхэлжээ. Тухайн үеийн Чехословакийн Сайдын гэргий, Хятадын Элчин Сайдын эхнэртэй ярилцлага хийж сонинд нийтлэхээр илгээж эхэлсэн нь маш амжилттай болж хожим “Дэлхийн Тэргүүн хатагтай нар” номоо гаргахын үндэс нь болсон байна. Сэтгүүл зүй, мэдээ зэрэг нь зөвхөн эрчүүдэд хамаатай ойлголт байсан тэр үед Поулин цуцашгүй хөдөлмөрлөж, нийтлэлээ бичсээр 1938 онд радио нэвтрүүлэгч болж цувралаа үргэлжлүүлсэн байна. Үүнээс 10 жилийн дараа тэр ABC телевизтэй гэрээ хийж Америкийн түүхэнд бүтэн цагаар телевизэд ажиллах болсон анхны эмэгтэй болж байв. Мөн 1949 оноос “Pauline Frederick Reports” нэвтрүүлэгтэй болж шууд дамжуулалтад суудаг цорын ганц эмэгтэй сэтгүүлч гэдгээрээ танигдаж байжээ. Энэ тухай тэрбээр “Мэдээ гэдэг хүмүүсийн тухай л байдаг. Үүнийг хүргэх чадварыг сэтгүүлчийн хүйсээр биш сурвалжлан түгээх чадамжаар нь үнэлэх ёстой” гэж хэлсэн байна.

Ингэж уншиж, танилцаж явсаар Алис Данниганы хөшөөтэй таарсан юм. Түүхийг нь дээрх зурагт өгүүлсэн байгаа. Ер нь Америкийн музейнүүдээр аялахад хар арьстнууд, эмэгтэйчүүдийн ололт, амжилтыг тэмдэглэсэн байх нь элбэг. Бид энэ тухай ярьдаг ч яагаад онцлох ёстой, яагаад үүнийг тэмдэглэх учиртайг би хувьдаа дутуу ойлгож явснаа дахин нэг анзаарсан.

Тухайлбал, арьсны өнгө өөр, хүйс өөр байсны төлөө уран зургийн хичээл заадаггүй, нэг танхимд хичээллүүлдэггүй, хэн нэгэн хүн ярилцлага өгдөггүй гэдгээс эхлээд тэдний санаа, бодол ямар ч шийдвэр гаргалтад нөлөөлдөггүй байсан тухай түүхийг уншвал бид үнэхээр байгаа зүйлээ ойлгож “celebrate” хийх, түүгээр дамжуулж үүний үнэ цэнэ, хадгалах учир шалтгааныг түгээх ёстой юм байна гэж бодож үлдсэн.

Энэ мэтийг бодсоор Newseum-ийн аялал өндөрлөсөн. Мэдээж олон давхар, олон хэсэг үзмэрүүд байсан ч сэтгүүлчдэд бол тийм ч онцгой биш санагдаж мэднэ. Харин сургуулийн хүүхдүүд ангиараа явж байхтай хэд хэд таарсан. Түүнчлэн сэтгүүл зүй, медиаг олон нийтэд тун энгийн, маш ойлгомжтой замаар ингэж танилцуулснаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг зөвхөн сэтгүүлчдэд хамаатай бус хүн бүрийн мэдэх ёстой, таних ёстой ойлголт гэдгийг хүргэдэг юм байна.

(#LeadMongolia хөтөлбөрийн хүрээнд АНУ-д солилцооны хөтөлбөрт хамрагдах явцдаа ийнхүү танилцлаа.)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *