Өчигдөр болсон “Халзанбүрэгтэй орд газрын сонсгол”-оос та юу олж сонссон бэ? Ямар үр дүнд чиглэсэн сонсгол болж, олон нийт ямар мэдээлэлтэй үлдсэн бол? Саак Сарааг л улсаараа таньдаг болоод үлдэв бололтой.
Үүний өмнө Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийсэн сонсголоор “Miu miu” шилт, ногоон дээлт эмэгтэйн бичлэг бүх мэдээллийг давж, утааны тухай хэлэлцүүлгээс түүний тухай хөгжөөнт миймүүд л өнөөдөр сошиалд үлдсэн нь гунигтай.
Монголчуудын 74 хувь нь Facebook ашигладаг гэсэн судалгааны дүн бий. Хүн амын тоотой харьцуулахад Facebook ашиглаж буй хэв маяг нь бусад улсаас харьцангуй өндөр байгаа нь бидний мэдээлэл авах, харилцах, бүр албан хэргээ явуулах талбар нь ч энэ платформ болсонтой холбоотой.
Гэвч бизнесийн ашиг орлогоо л нэмэгдүүлэх зорилготой нэгэн компанийн үйлчилгээнд улсаараа, нийгмээрээ бүхий л харилцаагаа даатгах нь бидний төсөөлснөөс ч илүү хор уршиг дагуулж байна. Бид нэг хэсэг улстөрчдийг судалгаагүй, сошиал давалгаанд хөтлөгдөж эргэж буцсан шийдвэр гаргаж байна гэж шүүмжилж байсан нь даамжирч өдгөө нийгмийн эрүүл харилцаагаа, чухал хэлэлцүүлгүүдийнхээ орон зайг, хамгийн эмгэнэлтэй нь өөрсдийн сэтгэл зүйгээ ч сошиалд алдаж орхижээ.
Сэтгэл хөдөлгөсөн алгоритм
Алгоритм гэдэг бол компьютер программчлалд тодорхой асуудлыг шийдвэрлэх, даалгаврыг гүйцэтгэх, шийдвэр гаргахад чиглэсэн “хийх алхмуудын заавар” гэж болно. Жишээ нь, хоолны жор гаргахыг яг л алгоритм боловсруулахтай зүйрлэж болно. Эхлээд махаа хэрчинэ, дараа нь тосонд шарна, тэгээд ногоогоо нэмнэ гэхчлэн бид жор тогтоодог.
Тэгвэл сошиал медиад ч мөн алгоритм гэж бий. Facebook дэх мэдээллийн үй түмэн урсгалыг эрэмбэлэн тогтоож, шүүж, хэнд, хэзээ, юуг харуулах вэ гэдгийг зохицуулах шийдэл юм. Өдөр бүр сая сая пост нийтлэгддэг учраас алгоритм нь спортод дуртай хүнд спортын пост харуулъя, энэ найзынхаа постод илүү их сэтгэгдэл үлдээдэг тул түүнийг нь эхлээд харуулъя гэхчлэн сонгож өгдөг. Гэвч бидний харилцааны энэ хэв маяг, сонирхолд тулгуурлахаас гадна алгоритм нь хүний сэтгэл хөдлөлд тулгуурлан ажилладаг болсон нь Facebook-ийг илүү аюултай болгож байна.
Мэрилэндийн их сургуулийн судлаачид Facebook дэх постуудын сэтгэл хөдлөлд нөлөөлөх хэв маягийг долоон төрөлд авч үзжээ. Эдгээрт, уур, гуниг, айдас, зэвүүцэл, баяр баясал, гайхширал, жигшүүр төрүүлсэн сэтгэл хөдлөлүүд багтана. Ийм төрлийн постууд дээр шинжилгээ хийж үзэхэд гайхширал, жигшүүр төрүүлсэн агуулгууд мэдэгдэхүйц нөлөөгүй бол баяр баясал төрүүлсэн пост тийм ч их хандалт, шейр авдаггүй нь анзаарагдсан байна. Харин уур, айдас, зэвүүцэл төрүүлсэн постуудын хандалт, бусдад түгээх байдал үлэмж их байжээ.
Нэг ёсондоо хүний сэтгэл зүйн суурь зан төлөвийг ашиглан хамгийн их хуваалцах магадлалтай буюу сэтгэл хөдөлгөсөн уур, айдас, зэвүүцэл төрүүлсэн постыг сошиал медиагийн алгоритм өөрөө улам дэвэргэх горимоор ажилладаг. Тийм учраас чанга орилсон, хараан зүхсэн, хагас галзуу мэт контентууд бидний ханан дээр бусдаас түрүүнд, олон давтамжтайгаар үзэгдэж байна гэсэн үг. Энэ нь таны сонирхол, хэнтэй найз нөхөд гэдгээс үл хамааран Facebook-ийн алгоритмын тохиргооноос л үүдээд гарч ирнэ. Ийм ч учраас хүмүүс ойрын үед сошиал орохоор хар бараан байна, нийгэм айдас, аюулд автаж байна гэж түгшин ярих болжээ. Харин нийгмийн өөрчлөлтийн энэ үйл явцыг тоо, судалгаагаар шинжилсэн дүгнэлт хаана ч ил биш байна.
Сэтгэл хөдлөл ба хуурамч мэдээлэл
“Сэтгэл огцом хөдлөх тусам нягтал” гэх алтан дүрэм эндээс эхлэлтэй. Энгийн логик, баримт, тайлбар мэдээлэл хүнийг улам няхуур болгож, бодол, эргэцүүлэлд хөтөлдөг. Харин уур хилэн, айдас, зэвүүцэл төрүүлнэ гэдэг ердийн мэдрэмжээс ч илүү огцом сэтгэл хөдлөл хийгээд суурь үнэнийг хүчээр дэвэргэж, учир холбогдлыг алдагдуулсан байдаг буюу товчхондоо хуурамч, ташаа мэдээлэл эсвэл манипуляци байдаг.
Түүнчлэн Facebook-ийн Like-аас гадна бусад реакц илэрхийлдэг постуудаас “Angry” дарсан пост хамгийн өндөр хандалт авдаг бөгөөд энэ нь ихэвчлэн ташаа мэдээлэл, хортой агуулга, чанаргүй мэдээлэл байгааг “The Washington Post”-д мэдээлж байв. Үүнийг 2019 онд Facebook-ийн дата инженерүүд ч өөрсдөө хүлээн зөвшөөрч, хариу арга хэмжээ авахаа илэрхийлж байсан нь ч талаар болжээ.
Ийм хортой, хуурамч, ташаа мэдээллээс болж сэтгэл нь хөдөлсөн олон нийт үнэн мэдээлэл хүлээн авснаасаа зургаа дахин хурдтайгаар бусдадаа түгээдгийг Массачусетсийн их сургуулийн эрдэмтэд хэдийнэ нотолсон. Түүнчлэн сошиал орчинд сэтгэл хөдлөл ч бас бусдад “халдварладаг” буюу сэтгэл хөдөлгөсөн пост олон дахин гарч ирээд байхаар ямар ч хүн түүнд автаж, улмаар бүлгийн сэтгэл зүй болон бүрэлддэг байна. Ийнхүү нийгэм бүлгээрээ хуурамч мэдээллийн төрүүлсэн хиймэл сэтгэл хөдлөлд автаж эхэлдэг.
Нийгмийн сэтгэл зүйг ингэж жолооддог хийгээд ямар нэг ашиг сонирхолтой этгээдүүд ийм маягаар сошиалыг удирдаж олон нийтийг бодит асуудал, баримт, үнэнээс холдуулж, мэдээлэл цутгаж байдаг. Ийм зохион байгуулалттай ажиллагаанд зарцуулж буй мөнгөн дүн чөлөөт, хараат бус мэдээлэлд зарцуулж байгаа мөнгөн дүнгээс гурав дахин их байгааг өчигдөрхөн зарлав. Тиймээс бид хувь хүнийхээ хувьд эрүүл ухаанаа, нийгмийн гишүүнийхээ хувьд хариуцлагатай хэлэлцүүлгийнхээ орон зайг хамгаалах мониторингийн арга хэмжээ, зохицуулах шийдлүүд болон мэдээллийн боловсрол зайлшгүй хэрэгтэй болоод байна. Түүнчлэн сэтгэл хөдлөлөө удирдах, хамгаалах чадамжгүй учраас бага насны хүүхдийн сошиал медиа хэрэглээг хязгаарлах Австралиас эхэлсэн шийдвэрийн үр нөлөөг хүний эрхийн байгууллагууд болон бусад улс орон анхааралтай ажиглаж байна.